Италид хоног тутамд 700 орчим хүн коронавирусийн халдвараар нас барж, 5000 орчим хүн халдвар шинээр авч, гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тэгвэл сэтгүүлч бүсгүй Сельважиа Лукарелли баячууд тухайлбал, өндөр цалинтай хөлбөмбөгч болох Пауло Дибалад тусгайлан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн хэрнээ жирийн иргэдэд хүрч үйлчлэхгүй байгаад эгдүүцэж буйгаа мэдэгдсэн байна.

“Гэртээ үхэлтэй нүүр тулж буй хүмүүст хөвөн арчдас өгөхгүй хэрнээ яагаад Пауло Дибала болон түүний найз бүсгүйд тэр даруй хүргэж өгөөд байгаа юм бэ? гэж би асуумаар байна. Хөлбөмбөгч, сэтгүүлч, удирдаач болон удирдах албан тушаалтнуудыг VIP үйлчлүүлэгчид тооцож, жирийн иргэдээс илүүтэйгээр үйлчилж буй учир шалтгааныг би мэдмээр байна.

Баян ядуу, эрх мэдэлтэн энгийн иргэн гэлгүй эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш хүртэх ёстой гэж би боддог. Хэн илүү мөнгө төлсөн нь түрүүлж эмчлүүлээд байгаа хэрэг үү? Тэгвэл хаана хэрхэн мөнгийг нь төлж үйлчлүүлэхийг иргэддээ ядаж зарлаад хэлээд өгөөч. Эсвэл ганцхан Дибала давуу эрх эдэлж байгаа юм уу?

Улсын эмнэлэгт дугаарлаж байгаад үйлчилгээ авах эрхтэй болсон юмуу, энэ Дибала? Улсын эмнэлэг иргэдээ алагчлах ёсгүй. “Ювентус”-ын удирдлага хувийн эмнэлэгтэй харилцаж, Дибалад бусдаас урьтаж эмчилгээ хийлгэх эрхтэй юу? Ийм байж хэрхэвч таарахгүй. Энэ *** тодруулж хэлээч. Нэг бол бүгдэд адил тэгш үйлчил, үгүй бол хэнд ч битгий үйлчил” хэмээн Лукарелли мэдэгджээ.

Италийн “Ювентус”-ын аргентин Пауло Дибала болон түүний найз бүсгүй Сабатини Ориона нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм.

Р.Гэгээ