Бид тоймлоё, Та унш


2018.10.31 Лхагва                              11°C   2,564.55  Идээ ундаа элбэг олдоно


Өнөөдөр болох үйл явдал

  • Сүнсний баяр
  • ЗГ хуралдана

Чухлыг тоймлоё


Шатахууны үнэ ₮100-130 нэмэгдлээ

Одоогоор зөвхөн хотын захаар нэмэгдээд байна. Өчигдрийн байдлаар АИ-90 Дамба, Сэлхийн уулзварын Тэс Петролиумд ₮1990, Сод Монголд ₮1980, Петровисд ₮1985-р зарагдаж байгаа юм.

Яагаад өсөв?

Тодорхойгүй. $-н ханш тогтвортой, дэлхийн зах зээлд нефтийн үнэ $9-р буурсан байхад ямар шалтгаанаар үнэ нэмэгдсэнийг албаныхнаас лавлахад тодорхой хариулт өгөөгүй юм. Гэхдээ салбарын сайд Д.Сумъяабазар 10/17-нд “Жил бүрийн 10 сард дизель түлшний үнэ өсөж хавар буурдаг. Нефтийн үнэ 11 сард өсөх магадлалтай” гэжээ.

2018 оны онцгой өсөлт

Бензиний үнэ 10 сард 2 удаа, он гарсаар 6 удаа нэмэгдэв. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьдралыг доройтуулсаар байна. Ямартай ч нэгэнт нэмэгдсэн үнэ буурдаггүй тогтолцоотой энэ үед сайд хэлсэндээ хүрч хавар шатахууны үнийг буулгана л гэж найдъя.


10 хүүхдийн 1 нь утаанаас болж нас бардаг

Дэлхий дээрх 15-аас доош насны хүүхдийн 93% нь бохир агаараар амьсгалдаг байна. Үүнээс үүдэн 2016 онд 600 мянган хүүхэд амьсгалын замын цочмог халдвараар хорвоог орхижээ. Учир нь хүүхдүүд томчуудаас олон удаа амьсгалж, газартай ойр байдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Иймд нүүрсний хэрэглээг багасгаж, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайг зам, үйлдвэрээс хол байлгах хэрэгтэй гэнэ.


ЖДҮ-н зээл авсан гишүүдийг АТГ шалгана

ЖДҮ-г хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд авсан нь гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай гэж Прокурор үзжээ. Улмаар хэрэг нээж, тэднийг шалгуулахаар АТГ-т өглөө. Одоогоор 6 гишүүн, дэд сайд, ерөнхий аудитор нар уг зээлийг авсан нь ил болоод байна.


Ховор үзмэрийг түр үзэсгэлэнгээс

Барилга нь актлагдсаны улмаас 5 жил хаалгаа бариад буй Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг 1/1-ээс иргэдэд цувралаар үзүүлэхээр боллоо. Ингэхдээ түр үзэсгэлэн байгуулах ба олсон орлогоо музейн бүтээн байгуулалт, сан хөмрөгийг арвижуулахад ашиглах гэнэ. Одоогоор уг музейд 12.900 орчим үзмэр бий.


Ангела Меркел дахин нэр дэвшихгүй

Тэрээр Германы канцлераар 13 жил, эрх баригч намын даргаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Гэвч 12 сард болох намын даргын сонгуульд нэр дэвшихгүй бөгөөд 2021 онд канцлерын суудлаасаа бууж улс төрийн карьераа зогсооно гэв. Учир нь сүүлийн үед намынх нь нэр хүнд эрс унаж байгаа юм.

Таны сонорт


Жилийн дараа дахин жирэмслэх нь тохиромжтой.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр