Б.ТҮШИГ

Чурчаак баавгай гэнэт ичээнээсээ гараад сүртэй гэгчээр суниаж, хаврын агаарыг шуналтайгаар  сорон мар мар инээвээс хавийн амьтад зогтусмой.  Энэ баагий чинь ичээнээсээ бас гардаг юм байжээ гээд дор бүрнээ хамгийн сүүлд түүнтэй хэзээ тааралдсанаа санахыг оролдох ажгуу.

Хаврын нялх агаарыг дэндүү огцом хүртсэн баавгай нэг амьсгаагаар арванхоёр лонх найрка уусан  мэт энд тэнд гишгэлэн олон амьтны нүдэн дээр дөрвөн хөллөж рэйтинг энэ тэрээ золтой л зэро болгочихсонгүй. Шийр заан мод түшиж тэнцвэрээ олоод жаал амсхийснээ газраар хөглөрөх мөчрийг тас няс хугалан алхав.

Тэрээр гараараа даллан эрүү хэл нь унжиж алмайрсан амьтадтай мэнчилээд ичээгээ гурвантаа тойрч, суниалт сунгалтын дасгал нэжгээдийг хийчихээд эргээд ичээ рүүгээ орчихов. Ойд хэсэг  хугацаанд нам гүм болов. Төдөлгүй амьтад гипнозноосоо гаран шуугилдлаа. Чурчаак баавгайг л хэлэлцэх нь илт.

Тэдний дундаас сониуч туулай амаар нь гарах шахан савлах зүрхээ үл тоон аймшиггүйгээр ичээний цонх руу гэтэв. Чих нь чичрэхдээ нэг нэгнээ шилбүүрдэхийг мэдрэвч тэрээр юутай ч цонхоор шагайлаа.

Баавгай тамхиа асаан үе үе кофегоо шимэн ноутбүкээ тонших ажгуу. Ноутбүкнийхээ хажууд 100 гаран принтлэсэн бичгийн цаас тавьчихаж. Хараа хурц туулай хамгийн эхний хуудсанд "Ч. Баавгай. Ойд болсон явдал. Роман" гэж тодоос тод бичсэнийг хараад брэнд нь болсон хоёр үүдэн шүдээ гарган мушийв.

Тэрээр юу харснаа бусад амьтдад хэлсэнгүй. Үүрэндээ ороод яаравчлан бууз хийж эхэлжээ. Тэрээр өнөө орой баавгайгийнд 333 бууз жигнээд 33 лонх "Хайнекен" шар айргийн хамт барьж очихоор хатуу шийдсэн ажгуу. Зохиолч болсон баавгай олигтой хоол, нойргүй зорилгодоо хүрэх гэж зүтгэсээр сүрхий турж эцсэнийг тэр өөрийн хоёр солироороо харсан. Туулай баавгайг романаа дуустал нь харж халамжлахаар сэтгэл зүрх шулуудсан нь энэ буюу.

"Роман заавал гарах ёстой. Тэгвэл өнөөдөр хөөрхий муу баавгайг чурчаак, мэдрэл энэ тэрээр нь  дуудаж байгаа юмнууд мэл гайхаж цэл хөхөрнө. Романы эхний хуудсанд "Энэ зохиолыг бичих явцад тал бүрийн дэмжлэг үзүүлсэн Д. Туулайд гүнээ талархав" гэсэн өгүүлбэр орж ч магад. Үгүй байсан ч би гомдохгүй ээ". Туулай ийн бодон 99 дэх буузаа сурамгай гээч чимхэв...

Эх сурвалж: www.aguulga.mn