Бид тоймлоё, Та унш

2020.04.10 Баасан                              10°C  2,781  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё 

Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөр батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирусын үед хэрэгжүүлэх эдийн засгийн багц арга хэмжээг хэлэлцэн баталлаа.  Хөтөлбөрт 5.1 их наяд төгрөг зарцуулах юм.  Аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, иргэн, аж ахуйн нэгжийг НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтан тус бүрт 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ.

 

Чуулган амралтын өдөр ч хуралдаж болно

Мөн чуулганаар Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.   Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ыг цахимаар зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн амралтын өдрүүдэд ч хуралдах боломжтой.  Цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа хоёр минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авна.  Үг хэлэх хугацаа гурван минутаас илүүгүй байхаар тогтоов.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна. 200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны хоёр,  гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлдэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Өнөөдрийн хуралдаанаар албан ёсоор сунгасан бөгөөд төрийн байгууллагууд энэ шийдвэрийг дагах бөгөөд хувийн байгууллагууд ч мөн дагаж мөрдөх ёстой гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.  Ерөнхий сайд өчигдөр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоож олон нийтэд зарлах чиглэл өгсөн. Уг асуудалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалт, төгсөх ангийн сурагчидтай холбоотой техникийн бэлтгэл ажлыг хийж дуусаагүй байгаа тул өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээгүй байна.


 

"Моханик" хамтлагийн дуучин Ц.Даваажаргалын бүтээлийг онцолжээ

"Моханик" хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын "Ахин оршихуй" буюу "Re-exist" экпериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг Лондонд төвтэй Chinabot хөгжмийн платформ энэ оны 3 дугаар сард өөрийн сайтдаа байршуулжээ. Уг цомогт түүний сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан ба хуурцаг хэлбэрээр Лондонд нээлтийг нь хийж, bandcamp онлайн платформоор дамжуулан борлуулж байгаа аж. Chinabot нь уламжлал болоод орчин үеийн хөгжмийг хослуулж, шинэлэг, онцгой бүтээл туурвиж буй Ази гаралтай уран бүтээлчидтай хамтран ажилладаг, олон улсад нэртэй лэбэл юм.


Билл Гэйтсийн өнөөдөр хүмүүст өгсөн хамгийн таагүй мэдээлэл нь коронавирусын вакцин хэзээ бэлэн болох тухай байв. Түүний үзэж байгаагаар 2021 оны есдүгээр сарын орчимд буюу одоогоос 18 сарын дараа анхны вакцин бэлэн болох гэнэ. Энэ нь ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаас урт хугацаа юм. Одоо дэлхий даяар Covid-19 өвчний вакцин бүтээх 100 орчим төсөл хэрэгжиж байгаагийн дотор хамгийн их найдлага төрүүлж буй 10 төсөл байгаа ажээ. Тэдгээрийн нэг болох CEPI (Coalition for Epidemic Preparedness innovations) төслийг Гэйтсийн Bill & Melinda Gates Foundation сан хэсэгчлэн санхүүжүүлж байгаа гэнэ.

 

 

Таны Сонорт 


"Оюутан цэрэг" хөтөлбөр энэ жил хэрэгжихгүй.

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр