Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ долдугаар сарын 29-өөс энэ сарын дөрвөнийг хүртэл Болгарын нийслэл Софи хотноо болж байна. Энэхүү тэмцээнд манай улсын өсвөрийн 10 бөх зодоглож байгаа юм. 

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр охидын 49 кг-д өсвөр үеийн улсын хошой аварга, нийслэлийн 122-р сургуулийн 11-р ангийн сурагч, Женко клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөрийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаад дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүж чадсан байна. 

М.Мөнхгэрэл Румыний Юраску Патрисиаг цэвэр, хагас шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-н харьцаатайгаар ялагдал хүлээжээ.

Ийнхүү Японы тамирчин жиндээ түрүүлснээр манай тамирчин дагах барилдаан хийж, энэ жилийн өсвөрийн Европын дэд аварга Оросын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөө өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт Хятадын Шиа Шиаминыг 6:6-гаар яллаа. 

Тэрээр сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан ч энэ удаа даагаа нэхэж, Монголын багийн цорын ганц хүрэл медалийг авчирлаа.

М.Мөнхгэрэлийн авсан хүрэл медаль нь чөлөөтийн өсвөр үеийн ДАШТ-ий түүхэн дэх Монголын 16 дахь медаль болж байгаа юм.