2019.05.31 Баасан                                                         23°C   2,648.29 Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Шатахууны үнийг үндэслэлгүй нэмжээ

Оросоос оруулж ирдэг хилийн үнэ нэмэгдсэн гэх далимаар шатахуун импортлогчид шатахууны үнийг удаа дараа нэмж, дунджаар ₮97-161-р өсгөөд байгаа юм. Харин ШӨХТГ шатахуун импортлогч 17 ААН-д шалгалт хийж, хилийн үнэ нэмэгдсэн ч ингэж үнэ өсөх нөхцөл үүсээгүй гэж дүгнэлээ.

Иргэд хохирч, импортлогчид хожсоор...

Шатахуун импортлогчид Аи-92 бензинийг Л тутамд нь дунджаар ₮30-100, дизелийг ₮270-289-н ашигтай борлуулж байгааг шалгалтаар илрүүлжээ. Гэвч тэд үнээ нэмснээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, эсрэгээрээ иргэдийн түрийвч хоосорсоор байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 2018 оноос 7%-р өсөөд байна.

Шагчдад хариуцлага тооцох механизм алга

Ийнхүү үнэ дур мэдэн нэмэхэд тэдэнд хариуцлага тооцох механизм үгүйлэгдэж байна. Шатахууны үнийг хянах ёстой АМГТГ-аас “Америкийн хориг, хилийн үнэ нэмэгдсэн” гэх тайлбараар тэдний толгойг илж байгаа бол, ШӨХТГ-аас импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдоогүй, дээр нь Монополь биш учир үнээ буулга гэх эрх байхгүй гэв. Харин ЗГ нүдэн балай чихэн дүлий хэвээр.


Бүх сурагчдад үдийн хоол өгдөг болно

2020/9/1-ээс эхлэн сурагчдын нас биед тохирсон шим тэжээлтэй үдийн хоол өгөх хууль батлагдлаа. Эхний ээлжид улсын 656 ЕБС-д ОУ-ын стандартын гал тогоо байгуулна. Улмаар 2021 оноос 1-5-р ангийнханд үдийн хоол өгч эхлэх бол 2023 он гэхэд бүх сурагчдыг хамруулах юм. Энэ ажилд ₮300 тэрбум шаардлагатай ба жил бүр төсөвт ₮64.6 тэрбумыг суулгахаар төлөвлөжээ.


Манай улс өрсөлдөх чадвараараа дахин сүүл мушгилаа

Өрсөлдөх чадварын индексээрээ манай улс 3 дахь жилдээ 63 орноос 62-т бичигдлээ. Харин манай улсын дараа буюу хамгийн сүүлд эдийн засаг, улс төрийн хямралтай байгаа Венесуэл оржээ. Жагсаалтыг Сингапур улс 2010 оноос хойш анх удаа тэргүүлсэн бол 2-т Хонг Конг, 3-т Америк орсон байна. Энэхүү индескийг ажилгүйдэл, ДНБ, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, авлига зэрэг үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг юм.


Японы роботууд сансраас олимпын тамирчидтай мэндчилнэ

2020 оны Токиогийн олимпыг угтан Японы эрдэмтэд аниме хүүхэлдэйн киноны роботуудыг сансар луу илгээх гэнэ. Ингэснээр тэд сансраас тамирчдад амжилт хүсэн мэндчилэх ба уг мэндчилгээг орчуулан орон орны тамирчдад сошиалаар хүргэх юм байна. Роботууд нь 10x30 см хэмжээтэй, өөр дээрээ камертай бөгөөд хиймэл дагуулын цахилгаан самбар дээр гарах мэндчилгээний зургийг авч дэлхий рүү илгээнэ.

Таны сонорт


Хүүхдийн мөнгийг маргаашаас олгож эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр