Бид тоймлоё, Та унш

2019.11.15 Баасан                                    -4°C 2,702.74 Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё 


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хураалтад 63 гишүүн оролцож, 100%-н саналаар эцэслэн баталлаа. Санал хураалтад АН-ын 6 гишүүн, МАХН-ын О.Баасанхүү нар оролцоогүй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020.05.25-ны 12:00 цагаас дагаж мөрдөнө.

АН яагаад санал хураалтад оролцоогүй вэ? 
АН-аас дэвшүүлсэн 3 саналын 1 нь л дэмжигдсэн учир хэлэлцүүлгээс гарсан. Тэд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, ЕС танхимаа өөрөө бүрдүүлэх, Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал дэвшүүлсэн ч ЕС танхимаа өөрөө бүрдүүлэх санал нь л дэмжигдсэн юм.

Үндсэн хуульд орсон томоохон өөрчлөлтүүд:

  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, МУ-ын уугуул иргэнийг 6 жилээр зөвхөн 1 удаа сонгоно,
  • ЗГ-ын 4-с дээшгүй гишүүн давхар дээлтэй байж болно,
  • Ерөнхий сайд ЗГ-ын бүтэц, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж шийдвэрлэнэ,
  • УИХ-ын гишүүдийн ¼-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал УИХ-аар хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэрлэнэ,
  • УИХ-ын гишүүдийн ⅔-оос доошгүй саналаар УИХ өөрөө тарж болно зэрэг өөрчлөлтийг орууллаа.

Одоогийн Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 1 удаа буюу 2000 онд дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлсэн, дордохын 7 өөрчлөлтийг зассан гэж УИХ-ын гишүүд хэллээ.


Сургуулийн автобусыг туршиж байна

Өнөөдрөөс 27 сургуулийн 3000 гаруй сурагчийг сургуулийн автобусаар зөөж эхэллээ. Ингэснээр түгжрэл 30-40% буурах ба сургуулийн автобусыг 2019 он дуустал турших юм. Хэрэв үр дүн гарвал цаашид бүх сургуульд хэрэгжүүлж, зардлыг нь төсөвт суулгуулах гэнэ. Сургуулийн автобус нь байршил тогтоогчтой ба сурагчдыг нийгмийн ажилтан харгалзана.


Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. Хэрэв хууль батлагдвал 2020 оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгох юм. Хүүхдийн мөнгийг 2012 оноос хүүхэд бүрт олгож эхэлсэн ч 2016 оноос зорилтот бүлэгт олгож байна.


Венецийн 45% үерт автлаа

Энэ нь сүүлийн 50 жилд тохиогоогүй гамшиг бөгөөд Гэгээн Маркийн сүм 1200 жилд 6 дахь удаагаа үерт автжээ. Үерийн улмаас 2 хүн амиа алдаж, хотын захиргаа онц байдал зарласан юм. Үер 187 см өндөр далайн түрлэгээс үүссэн ба цаашид их хэмжээний бороо орж, хүчтэй салхи шуурах төлөвтэй байна.


Гадаад оюутнууд Хонг Конгийг орхиж байна

Хонг Конгт сурдаг Хятад, Тайвань, Скандинавын орны оюутнууд ЗГ-ын эсрэг жагсаалаас болж нутаг буцаж байна. Учир нь жагсагчид их сургууль, дотуур байр руу дайрч үймээн самуун гаргасан юм. Улмаар бага, дунд, их сургуулийг хаасан ба зарим сургууль хичээлээ онлайнаар заах гэнэ.

Таны сонорт


Related image Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр