УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 2-ноос сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх ёстой. Гэвч хуульд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийг сурталчилсан фэйсбүүк хаяг нээгдэн, ажиллах болжээ.Иймээс  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна.Энэ талаар ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч П.Номин-Эрдэнэ "Харилцаа холбооны зохицуулах газраас цахим орчимд хяналт тавих журмыг баталсан. Одоо 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш чансаа тогтоож, санал асууж байгаад хяналт тавьж, дүгнэлт бичиж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд зөрчлийн хэрэг нээнэ. Тухайлбал, нэвтрүүлэг мэдээний үеэр аль намыг дэмждэг эсэх талаар асуулт асууж, сэтгэгдэл болон тусгай дугаараар санал авч байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж, энэ хугацаанд үйл ажиллагааг түр зогсооно. Фэйсбүүк хаягуудыг шууд хаалгаж байна. Харин сайтуудын хувьд эхний удаад сануулга өгч байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед сануулга өгөхгүй шууд хаана" гэсэн юм.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр