Жаст группийн захирал Ш.Батхүү, Алтжин группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх ес дэх өдрөө хэлэлцэж, өчигдөр 17:30 цагт завсарлан ирэх даваа гаригт үргэлжлүүлэхээр боллоо.

Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгосон бөгөөд нотлох баримт шинжлэх судлах ажиллагаанууд үргэлжилсэн юм.

Харин ирэх даваа гаригт прокурорын яллах санал, өмгөөлөгч нарын шүүмж, мөн шүүгдэгч тус бүр үг хэлэх зэргээр үргэлжлэх юм.

Хэргийг сануулбал,

  • "Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг хойшилсон байна. Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
  • “Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
  • Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Эх сурвалж: udriintoim.mn