Бид тоймлоё, Та унш


2019.05.28 Мягмар                                           23°C   2,647.27  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Хэнтийн нөхөн сонгуулийг түдгэлзүүллээ

ҮХЦ-ээс Хэнтийн нөхөн сонгуулийн тов болон зардлыг тогтоосон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүллээ. Хуульд сонгуулийн товыг санал авахаас 180 хоногоос доошгүй хугацаанд тогтоож, зардлыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс бус улсын төсвөөс гаргах ёстой гэж заажээ.

Д.Гантулгыг хуучин байранд нь тавих уу?

Түүнийг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол ямар нэг хууль зөрчөөгүй гэж Цэц үзсэн тул гишүүний эрхийг дахин сэргээх боломжгүй. Ямартай ч Цэцийн гадна “Бандааштай жагсаал” хийж, Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал талаар өнгөрсөнгүй.

Нөхөн сонгуулийн хувь заяа!

Цэцээс Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгон батлах, зардлыг төсвөөс бүрдүүлэх дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдэх ч сонгууль явагдах эсэх нь бүрхэг болж байна. Зарим хуульчдын үзсэнээр эрх баригчид Цэцийг ашиглан санаатайгаар нөхөн сонгуулийг удаа дараа хойшлуулж, сонгогчдыг хохироосон гэнэ.


Сурагчдын гэрийн даалгавар багасгана

Багш, сурагчдын ачааллыг бууруулах үүднээс ирэх 1-12 ангид заадаг 4221 мэдлэг, чадварыг 3445 болгохоор болжээ. Учир нь ихэнх багш нар хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгч сурагчдын ачааллыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь бага насны хүүхэд ядрах, сургуульд дургүй болох нөхцөл болдог аж. Иймд гэрийн даалгаврыг зохистой өгөх, сургалтын хөтөлбөрийг сайжруулж, багш сурагчдын ачааллыг 9/1 гэхэд бууруулахаар боллоо.


Г.Батхүү агсны хэрэгт гаднаас туслалцаа авна

АН-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэг өнөөг хүртэл тодорхойгүй байгаа учир ОУ-ын парламентын холбооноос туслалцаа авна гэдгээ АН мэдэгдлээ. Иймд энэ асуудлыг дэмжин ажиллах хүсэлтээ Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд гаргажээ. Г.Батхүү агсны хэрэгт улс төрийн нөлөөлөл орсон, үхлийн шалтгаан ч гадны нөлөөтэй гэж АН үзэж байгаа юм.


Оросын иргэд ерөнхийлөгчдөө итгэл алдарч байна

Оросуудын Путинд итгэх итгэл 31.7%-д хүрчээ. Энэ нь 2006 оноос хойш хамгийн бага үзүүлэлт хэдий ч Путинг дэмжих үзүүлэлт өндөр хэвээрээ буюу 65.8%-тай байгаа юм. Путиний нэр хүнд 2018 онд дахин сонгогдсоноос нь хойш унасан байна. Учир нь тэрээр тэтгэврийн нас, НӨАТ-ыг нэмсэн ч өрхийн орлогыг нэмэгдүүлээгүй гэнэ. Орос 2014 онд Кримийг өөрсдийн мэдэлд оруулснаас болж Путиний итгэлийн үзүүлэлт 2015 онд хамгийн өндөр буюу 71%-д хүрч байжээ.


Тоглоомын донтолтыг өвчнөөр бүртгэлээ

ДЭМБ-аас уг өвчнийг гэр бүл, нийгэм, боловсрол, ажил эрхлэлт зэрэгт сөргөөр нөлөөлдөг, даамжрах хандлагатай өвчлөл гэж тодорхойлжээ. Уг өвчнөөр нойр, хоолоо хасаж, ажил, хичээлээ таслан өдөрт 20 хүртэл цагаар тоглодог хүмүүс өвчилдөг байна. Уг шийдвэрийг ОУ-ын видео тоглоом үйлдвэрлэгчид эсэргүүцсэн ба тоглоом боловсрол, сэтгэл зүйн ач холбогдолтой, аюулгүй гэжээ. Тоглоомын донтолтоос сэргийлэх, эмчлэх арга замыг 2022/1/1-с өмнө ДЭМБ гаргах юм.

Таны сонорт


Өнөөдөр баруун аймгийн уулархаг нутгаар нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал 


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр