Угтаа энэ нь түшээд нь төрд, төр нь төрдөө өртэй гэсэн агуулгатай юм. Тайлбал, УИХ-ын гишүүд голдуу 50 шахам албан тушаалтан ЖДҮХС-гийн 2018 оны санхүүжилтэд “хуруу” дүрсэн байдаг.

Тэдний заримд эрүүгийн хэрэг үүсээд, хууль хяналтын байгууллагад шалгуулаад явж байна.

Албан тушаалтнуудын нөлөөлсөн нь тогтоогдсон 2018 оны ЖДҮХС-гийн санхүүжилт нь нийт 70 тэрбум төгрөг байжээ.

Тэгвэл ингэж эрх мэдэл, нэр нөлөөнд дулдуйдаж тараагдсан ЖДҮХС-гийн санхүүжилт зөвхөн төсвөөс гараагүй юм байна. Тус сан Хөгжлийн банкинд өртэй ажээ.

Хөгжлийн банкнаас 2019 оны сүүлчээр зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын тоонд ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-тай холбоотой, цаашаа хоёр ч банк руу “салаалсан” асуудал байгаа талаар мэдэгдсэн.

Хөгжлийн банкныхан ЖДҮХС-тай шүүхээр заргалдаад эхэлжээ. Тус банкнаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан банйа. Ингэхдээ Хөгжлийн банк ЖДҮХС-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүүгийн төлбөрт 3 520 760 591 /Гурван тэрбум таван зуун хорин сая долоон зуун жаран мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулахаар хандсан байгаа юм.

Үүний тулд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат 2019 оны аравдугаар сарын 22-нд Зардал гаргах тухай А-288 тоот тушаал гаргаж, улсын тэмдэгтийн хураамж 17 761 753 /Арван долоон сая долоон зуун жаран мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг банкны төсвөөс гаргаж, холбогдох дансанд шилжүүлсэн байна.

Энэ асуудал хэрхсэн талаарх мэдээлэл одоохондоо алга. Удахгүй нэг тийш шийдэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгөх биз ээ.

Хамгийн гол нь ингэж төр нь төрөө “шатааж”, түшээд нь төрөө “ухаж” амьдардаг явдал Монголын төрд бугшсаар байх уу. Үүнийг л Монголын ард түмэн эсэргүүцэн, шүүмжилдэг билээ.

www.udriintoim.mn