Бид тоймлоё, Та унш

2018.06.01 Баасан                                      31°C    2,409.04  Эд малын гарлагатай


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
  • Дэлхийн сүүний өдөр
  • 555 ээж одон авна
  • 10 мянган хүүхдэд сүү бэлэглэнэ

Чухлыг тоймлоё


Хүүхдийн баярын үйл ажиллагаа 09:00-17:00 цагт төв талбайд болно.

Талбайд:

Рок попын одод болон 1500 орчим хүүхэд уран бүтээлээ толилуулж, үлгэрийн баатрууд багачуудтай зураг авахуулан, хүүхдүүд номоо солилцож, үндэсний үйлдвэрлэгчид нэрэмжит тайзаа засна гэлээ.

Харин парк болон цэцэрлэгт хүрээлэнд:

Паркт гайхамшигт 7 хоног арга хэмжээ 6/4-нийг хүртэл зохиогдож, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, цирк, спортын тэмцээн болно. Цэцэрлэгт хүрээлэнд ‘Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд’ арга хэмжээ 12:00-23:00 цагт зохиогдоно.

Хаана юу үзэж болох вэ?

Хүүхэлдэйн театрт 13:00, 14:00-д “Гайхамшигт хайрцаг-2” буюу хүүхдийн жүжгүүд тоглогдоно. Харин Хүүхдийн ордонд 14:00, 16:00-д “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт болно.

Жүжигчидтэй зургаа авахуулаарай

Тэнгис кино театрын гадна 12:00-15:00 цагт Ээжийн дайсан-2, Такси-2 киноны уран бүтээлчид хүүхэд, багачуудтай зургаа авахуулж, гарын үсгээ өгнө.  

Их дэлгүүрүүдийн гадна:

Их дэлгүүрийн гадна 10:00-16:00 цагт найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд уран бүтээлээ сонирхуулна. Хүннү моллд 14:00, 16:00, 18:00 цагт “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь” хүүхдийн жүжиг тоглогдоно.


АСЕМ-ийн хөрөнгийг хяналтгүй зарцуулжээ

АСЕМ-ийг 2016 онд зохиоход нийт ₮395,7 тэрбум зарцуулсныг Аудитын газар шалгаж олон зөрчил илрүүлжээ. Жнь: уулзалтын бэлтгэл ажилд ₮19.3 тэрбум, 1 хөшөөг нөгөөгөөр солиход ₮668.7 сая, 1 хүнд ногдох бэлэг ₮6 сая давжээ. Шалгалтаар 17 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж, ₮290.9 тэрбумтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ.


Хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгэн, зориулалтын суудалд суулгая

Зорчигчдын 87% нь хамгаалах бүс зүүдэггүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгадаггүйгээс болж амиа алдах тохиолдол их гэлээ. Тиймээс 2020 он хүртэл төсөл хэрэгжүүлж хамгаалах бүсний ач тусыг иргэдэд таниулахаар боллоо. Хэрэв хүүхдийг зориулалтын суудал суулгаагүй бол Зөрчлийн хуулийн дагуу ₮20 мянгаар торгох зохицуулалтай.


Хүүхэд амьдрахад таатай улс

‘Хүүхдийг хамгаалъя сан’-ийн энэ оны судалгаагаар хүүхдэд хамгийн ээлтэй улсаар Сингапур тодорчээ. Харин манай улс 175 орноос 71-т бичигдсэн бөгөөд бидний өмнө Хойд Солонгос бичигдсэн байна. Судалгаанаас үзэхэд дэлхийд 1.2 тэрбум хүүхэд ядуу, жендерийн тэгш бус нийгэмд хоол тэжээлийн дутагдалд орж, сургуульд сурч чадахгүй байна.


Үхсэн гэж жүжиглэн захиалагчаа оллоо

Путиныг эсэргүүцэгч Орос сэтгүүлч Бабченко Украйнд амь насаа алдлаа гэх мэдээлэл Мягмар гарагт гарсан. Тэгвэл энэ нь аллагын захиалагчийг барих зорилготой жүжиг байжээ. Украйны ЗГ-тай хамтран үхсэн болж жүжиглэснийхээ ачаар Оросын тусгайгийнхан өөрийг нь алуулахаар алуурчин хөлсөлсөн гэдгийг илрүүлжээ. Тэрээр энэ явдлын дараа ‘Би Путины булшин дээр бүжиглэснийхээ дараа үхнэ’ гэжээ.

Таны сонорт


 Баяртай холбогдуулан талбайн баруун зүүн хэсгийн замыг 09:00-17:00 цагийн хооронд хаана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр