Монгол Улсад улстөрийн анхны нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр үргэлжилж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчид цэргийн жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Ууган намын ахмад гишүүд, дэмжигчид 1940-1954, 1958-1984 онд нийт 40 жилийн хугацаанд МАН-ын даргаар ажилласан Ю.Цэдэнбал, 1984-1990 онд ажилласан Ж.Батмөнх нарын хөшөөнд Эх орончдын өдрийг тохиолдуулан жил бүр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай ба дарга нарын маань хөшөө тийш очих ардын зам балрахгүй гэсэн  итгэл үнэмшилтэй байдаг. Дашрамд хэлэхэд, тус намын экс 23 дарга нараас зөвхөн энэ хоёр эрхэмд зориулсан бүтэн биеийн сүрлэг сайхан хөшөө нийслэл Улаанбаатарт сүндэрлэж байдаг. Увс аймгийн уугуул голдуу иргэд МАН-ын экс дарга Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нарын хөшөөнд түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хувийн журмаар хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

МАН-ын анхны дарга С.Данзангаас эхлээд одоогийн У.Хүрэлсүх хүртэл нийт 23 улстөрч, ихэнх нь нэг, зарим нь хоёр удаа тус намыг тэргүүлжээ. Намын эдгээр зүтгэлтэн нь:  С.Данзан, Д.Бодоо, Ц.Дамбадорж (хоёр удаа), А.Данзан, Ө.Бадрах, Б.Элдэв-Очир, П.Гэндэн, З.Шижээ, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, Х.Лувсандорж, Б.Баасанжав, Д.Дамба (хоёр удаа), Ю.Цэдэнбал (хоёр удаа), Ж.Батмөнх, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр (хоёр удаа), Н.Багабанди, М.Энхболд (хоёр удаа), С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар. Ухнаагийн Хүрэлсүх нь 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд МАН-ын 29 дэх даргаар сонгогдсон.

 

Эх сурвалж: udriintoim.mn