Бид тоймлоё, Та унш

2020.05.012 Мягмар                           12°C                2,791   Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё 

Яармаг- Зайсан- Маршалын гүүр чиглэлд дугуйн зам барина

 

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний  ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургадугаар сарын 10-нд гэхэд бэлэн болох юм байна. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам,  Зүүн 4 зам – Офицеруудын ордон,  Яармагийн гүүр – Маршалын гүүр – Зайсангийн гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна.

 

Дугуйн замын стандарт ямар байдаг вэ?

Олон улсад дугуйн замын байгууламж нь олон янз. Автомашины зорчих хэсгийг тусгаарлаж дугуйн замын зурвасыг өнгөөр ялгаснаас гадна явган зорчигчийн зорчих хэсгийн тодорхой зурвасыг будгаар ялгаж өгсөн шийдлүүд түгээмэл байдаг. Энэ бол харьцангуй дулаан уур амьсгалтай хотуудад түгээмэл хэрэглэгддэг юм. Мөн өндөр өртөгтэй ч  асфальтаар тусгайлан барьж байгуулах шийдэл байна. Ер нь дугуйн замын байгууламж нь тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдалтай маш нарийн уялдсан байх ёстой. Улаанбаатар хотод 2011 оноос дугуйн зам барьж байгуулах ажлын судалгаа эхэлсэн бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ–ын арга хэмжээний үеэр хотын төвийн хэсгээр дугуйн замууд тавигдаж эхэлсэн. Энэ зам маань ногоон өнгөөр ялгаж байгуулсан дугуйн зам гэдгийг та бид мэднэ. Энэ бүтээн байгуулалт богино хугацаанд хийгдсэн боловч насжилтын хувьд богино, өвлийн улиралд явган зорчигч явахад халтираа гулгаа ихтэй байгаа сул талууд ажиглагдаж эхэлсэн. Улаанбаатар хот  эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учир зарим хотуудад үр дүнтэй, зардал багатай дугуйн замын шийдлүүд манай орны хөрсөн дээр буухгүй, үр дүнгээ өгөхгүй байгаа нь батлагджээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Хотын дарга С.Амарсайхан “Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ” гэв.

 


 

Дахиад нэг чухал мэдээ

ЭМЯ-ны мэдээлж буйгаар, гадаадад буй Монгол Улсын 30 иргэн covid-19-ийн халдвар авсан бөгөөд үүнээс 13 нь эдгэрчээ. Бусад нь гэрийн тусгаарлалтад байна. ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 166 дуудлага ирсэн. Шуурхай 119 аппликейшнээс дөрвөн улсаас манай улсын долоон иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа.Манай Улсын хувьд 986 хүн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 15 галт тэрэгт зорчиж буй 4800 гаруй иргэнд хяналт тавьсан. Эдгээр иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Гуравдугаар сарын 10-аас хойш 28 гадаад улсаас 322 монгол иргэн утасдаж, мэдээлэл авсан байна.


 

 “Жи тайм”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын 11.398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулаад байна.

 

 


 

  • “Уолт дисней” компани коронавируст цар тахлын улмаас гурван сарын турш хаалттай байсан Шанхай хот дахь Диснейлэнд паркаа өнөөдөр дахин нээж байна. Ийнхүү нээхдээ бүх үйлчлүүлэгчийн халууныг үзэж, хүн бүр амны хаалттай байхыг шаардаж байгаа ба өдөрт 24 мянгаас дээшгүй хүнд үйлчлэхээр болж байна. Энэ нь энгийн үед өдөрт үйлчлүүлдэг хүмүүсийн 30 орчим хувь гэсэн үг юм. Шанхайн Диснейлэнд нээгдсэн эхний өдөртөө бүх тасалбарууд нь хэдхэн цагийн дотор дууссан байна."Бидний өнөөдрийн нээлт дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл асааж, бүх хүнд итгэл найдвар, урам зоригийг өгч, аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна гэх урам зоригийг өгч байна гэж бодож байна” хэмээн тус паркын ерөнхий менежер Жо Шотт ярьжээ.

 

 

 

Таны Сонорт 


Үнэт цаас гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч, иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.

 

 

Өдрийн тойм Статистик 


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад нэг сая 618 мянган эмэгтэй байдаг бөгөөд тэдний 69 хувь нь хотод амьдардаг бол 31 хувь нь хөдөө амьдардаг байна.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр