ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шогу пүрэв гарагт “Аугаа эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын томоохон 28 хотод цэргийн жагсаал хийнэ” гэж мэдэгдлээ. Тэрбээр нэмж, ирэх Тавдугаар сарын 9-нд  нийслэл Москва хотноо болох цэргийн жагсаал нь нийт 12500 хүн, Цэргийн 190 зэвсэг техник, 76 нисэх онгоцны бүрэлдэхүүнтэй байх болно гэж хэллээ.

Жил бүр Москвад болдог Ялалтын баярын жагсаалын бэлтгэл ажил тус хотын ойролцоох Алабино дахь цэргийн хээрийн сургуулилтын баазад болдог уламжлалтай. Жагсаалд оролцох цэрэг дайчдын бэлтгэл саяхан эхэлсэн байна. Мөн ёслолын жагсаалыг түүчээлж, Ялалтын тугийг авч явдаг Преображенскийн Хүндэт харуулын анги сургуулилтаа эхлүүлжээ. Ойрын үед Ярослав мужийн Төмөр замын цэргийн алба хаагчид болон баярт оролцох бусад анги нэгтгэлүүд Алабонын сургуулилтын баазад ирэх ажээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn