Монголын ууган улс төрийн хүчин МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 2016 оны амжилтаа давтсан. 2016 онд 65 суудал авсан бол энэ оны ээлжит сонгуульд 62 суудалтай эрх баригч хүчнээрээ үлдлээ. МАН-ын сонгуулийг удирдаж, стратегийг хийсэн хүн нь тус намын генсек Дашзэгвийн Амарбаясгалан юм.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас Д.Амарбаясгаланг "Сонгуулийн симфонийг зохиосон Монгол Моцарт" хэмээн магтан алдаршуулах болсон. Тэгвэл Д.Амарбаясгалан өчигдөр /2020.6.28/ орой 22:30 цагийн үед өөрийн "нүүр ном"-д бусад нам, эвсэл, бие даагчдад хандаж нэгэн зөвлөгөөг бичиж оруулжээ.

Д.Амарбаясгалан "Сонгуульд оролцсон нам, эвсэл бие даагчид социологийн судалгаагаа харж уншиж сурах хэрэгтэй! Хандлага ямар байгаагаа харж ажлаа явуулах хэрэгтэй!

1. Намын дэмжлэг

2. Хамтад нь дугуйлах байдал

3. Аль нам ялж хэн Ерөнхий сайд байх

4. Тойрогт нэр дэвшигчдийн хувийн дэмжлэг авах байдал" гэсэн байна. Үүнийхээ араас байгуулагынх нь нэрийг нууцалсан судалгааны дүн тавьжээ. Түүний гаргаж тавьсан дүгнэлтэд сонгогчид 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг ялаасай гэж хүсч байгаа, МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг багаар нь дугуйлна гэсэн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дахиад Ерөнхий сайдаар ажиллаасай гэсэн хариултыг өгсөн гэжээ. Харин олон нийт МАН-ын сонгуулийн удирдаачийн энэ зөвлөгөөг "Ялсан МАН-ын генсекийн "яруу алдарт" аархал" хэмээн нэрийджээ.

Эх сурвалж: udriintoim.mn