Японы инженерүүд коронавирусийг хэт ягаан туяагаар устгадаг робот зохион бүтээжээ. Тус роботыг бүрэн туршсны дараагаар ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Ингэснээр долоодугаар сард тус роботыг худалдаанд гаргах ажээ.

Роботын нэрийг UV Buster гэнэ. Энэ бол Японы Farmoid компанийн бүтээгдэхүүн. Хүний дундаж өндөртэй хэт ягаан туяатай чийдэнг дөрвөн дугуйн дээр суурилуулсан юм байна. Роботыг жирийн компьютер болон нөөтбүүкээс хялбар удирдах боломжтой.

Харин хэт ягаан туяа нь хортой тул робот ажиллуулсан өрөөнд хүн, ургамал байлгах ёсгүй аж. 2.5 секунд орчим хэт ягаан туяаг гадаргуу дээр тусгахад коронавирус 99 хувьтай устаж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Токио хотын Нихон Их сургуулийн эмнэлэгт роботыг эхэлж туршсан ажээ. UV Buster робот бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс хавьгүй хямд үнээр худалдаалагдах юм байна.

Р.Гэгээ