Бид тоймлоё, Та унш

2019.09.04 Лхагва                                              24°C  2,671.81  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 


Түүхэн өдөр тохиолоо

Оросын ерөнхийлөгч Путинг Чингисийн талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлсэн юм. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Х.Баттулга Путинтэй хэлэлцээ хийж, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгууллаа. Мөн эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах 9 гэрээнд гарын үсэг зурлаа. 

Бидний хүссэн зээл 

Ерөнхийлөгч Х.Баттулга ганцаарчилсан уулзалтын үеэр Оросын ЗГ-аас 100 тэрбум рублийн экспортын зээлийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Зээлийн асуудалд Оросын тал ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа ч зээлийг олговол УБ төмөр зам хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барих ажилд зарцуулах гэнэ. 

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгч Путиний айлчлалын гол зорилго нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцох байсан юм. Тэрээр Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн “Энэхүү ялалт бол Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, 2 орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг. Монголын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно” гэжээ.


Хакухо М.Даваажаргал Японы иргэн боллоо

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга хакухо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэншилтэй боллоо. Ингэснээр тэрээр зодог тайлсныхаа дараа сумогийн холбоонд багшаар ажиллаж өөрийн нэрийн дэвжээг нээх боломжтой болж байна. Мөн 2020 оны олимпыг нээх тамирчдын тоонд орох юм. М.Даваажаргалаас өмнө кёкүтэнзан Б.Энхбат, асакэкирьюү Б.Дашням, кёкүтэнхо Н.Цэвэгням нар Японы иргэн болж байжээ.


Баруун чиглэлд зорчих иргэдийн анхааралд 

УБ-Дархан чиглэлийн тээвэрлэлтэд өөрчлөлт оруулж, Орхон чиглэлийн ААН-ийн тээвэрлэлтийг зам засвар дуустал Булган аймгийн Дашинчилэн сумаар зорчуулахаар боллоо. Мөн Дархан-Сэлэнгийн нийтийн тээвэр болон Улаан-Үүдийн ОУ-ын тээвэрлэлтийг Хонгор сумын 4-р бригадын салдаг замаар явуулах юм. Учир нь УБ-Дарханы түр зам шаардлага хангахгүй байгаагаас үүдэн тээвэрлэлт хийж буй том оврын машин зорчиход хүндрэлтэй байгаа юм.


Америкийн 5G сүлжээг Польшид нэвтрүүлнэ 

Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Польшийн ерөнхий сайдтай 5G сүлжээ нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Энэ нь Америк Хятадаас урьтаж холбоотон орнууддаа 5G сүлжээ нэвтрүүлэх бодлогын 1 хэсэг юм. Учир нь Хятадын 5G сүлжээ тухайн орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж Америк үздэг байна. Харин Хуавей компани Орос, Солонгос, Швейцарь, Их Британи зэрэг улсад 5G сүлжээгээ нэвтрүүлэх гэрээ хийжээ. 


Кэрри Лам огцрохыг хүсэж байна 

Түүний ЗГ-ын эсрэг жагсаал үймээн самуун болсонд өөрийгөө буруутгаж ярьсан нууц бичлэгийг Роёторс агентлаг дэлгэлээ. Мөн Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслийг дэмжсэндээ харамсаж байгаа ба “Болдог байсан бол огцроод иргэдээсээ уучлалт гуйхыг хүсэж байна” гэжээ. Үүнээс гадна Хятадын цэргийг Хонг Конгт оруулж жагсагчдыг дарж болох ч энэ нь улсынх нь нэр хүндийг унагахаас эмээж байгаа гэнэ.

Таны сонорт


Image result for thunder raining icon Өнөөдөр төв болон зүүн аймгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр