Бид тоймлоё, Та унш

2019.05.09 Пүрэв                                                   21°C   2,642.23  Эд мал арвижна

Чухлыг тоймлоё


Авлигын улмаас нийслэлд ₮23 тэрбумын хохирол учирчээ

Авлигын улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаарх судалгааг Прокуророос гаргалаа. Сүүлийн 3 жилд УБ-т авлигын 261 гэмт хэрэг гарч, нийт ₮23 тэрбумын хохирол учирчээ.

Улсыг хохироосон хүмүүс өршөөлд хамрагдав  

Нийт хохирлын ₮6 тэрбумыг төлүүлж, ₮16 тэрбумын хохирол үлдсэн ч 25 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, зарим нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар эргэн төлөгдөх боломжгүй болжээ. Ийнхүү авлигачид өршөөл, хөөн хэлэлцэх хугацаа зэрэг хуулийн цоорхойг ашиглаж хэргээс мултарч улс хохирсоор л байна.

Тойм

Эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг шалгагдаж, саатуулагдаж явсаар эцэстээ ял, шийтгэлгүй замхардаг нь нууц биш юм. Тухайлбал, Оюутолгойн гэрээг хийхдээ эрх мэдлээ ашигласан гэх Ерөнхий сайдууд, Эрдэнэтийн 51%-г гадны банканд барьцаалж зээл авсан Жастын Батхүү зэрэг хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.


Талбайн зогсоолыг түр ашиглана

Хотын дарга Чингисийн талбайн урд зогсоолыг чөлөөлж, усан оргилуур барихаар шийдвэрлэсэн юм. Зогсоол 4/23-с хойш ашиглагдаагүй байсан ч усан оргилуур барих төслийн сонгон шалгаруулалт явуулах хүртэл түр ашиглахаар боллоо. Ингэхдээ 30 минут нь ₮500, цаг нь ₮1000 төлбөртэй ба амралтын өдрүүдэд иргэдэд үнэгүй үйлчилнэ.


Хар тамхичдын тоо өссөөр байна

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 78%-р нэмэгдэж, он гарсаар энэ төрлийн гэмт хэргээр 63 хүн шүүхээс ял авчээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 16-35 насныхан байгаа ба 62% нь 1-5 жилийн ял, 36% нь тэнсэн авсан байна. Эдгээр хүмүүс нь мөс, шавар, өвс зэргийг хууль бусаар авсан, хадгалсан, ашигласан хэрэг үйлджээ.


Оросын онгоцны осолд нисгэгчид буруутай юу?

Аерофлот компаний онгоц 5/5-нд осолдож, 41 хүн амиа алдсан юм. Тэгвэл энэ нь цаг агаар таагүй байхад хөөрсөн, агаарт байхдаа шатахуунаа асгаагүй зэргээр нисгэгчдийн буруугаас болсон байх магадлалтай гэж шинжээчид үзсэн байна. Гэвч нисгэгчид ослын үед зааврын дагуу бүх арга хэмжээг авсан гэжээ. Харин зарим шинжээчид онц байдлыг оройтож зарласан гэсэн ч Тээврийн яам үүнийг няцаасан байна.  


Германд ачааны машины цахилгаан замыг туршиж эхэллээ

Энэ нь манай троллейбустай ижил ба хайбрид ачааны машины дээвэрт тусгай төхөөрөмж суурилуулан цахилгаан утсанд холбодог байна. Энэхүү eHighway гэх 5 км замыг 2020 он хүртэл турших юм. Ингэснээр ачааны машинаас ялгарах хорт бодисыг бууруулж агаарын бохирдлыг багасгах гэнэ. Мөн цахилгаан замд зориулан үйлдвэрлэсэн хайбрид ачааны машин $77 саяын өртөгтэй ч 100 мянган км-т $22 мянгын түлш хэмнэдэг байна.

Таны сонорт


Related image Урсгал засвартай холбоотойгоор Төв аймгийн 2 сум, УБ-ын 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр