Шинэчилсэн 18:22- Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өмчийн хэлбэр үл харгалзан жирэмсэн болон 0-12 насны эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах эсвэл цалинтай чөлөө олгохоор болж шийдвэрээ өөрчиллөө.


Улсын онцгой комисс өмчийн хэлбэр үл харгалзан 0-5 насны гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах эсвэл цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.

Мөн Монгол-Оросын авто зам боомтоор Орос руу зорчих Монгол иргэд, Оросоос Монгол руу зорчих гадаад иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 28 хүртэл зогсоосон байна. Харин эх орондоо ирэх хүсэлтэй Монгол иргэдийг зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлэх юм. 

Нислэгийг МИАТ компани гүйцэтгэх ба хамгийн түрүүнд өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, эмчилгээнд явсан, жирэмсэн эхчүүдийг эх оронд нь авчирна.

Үүнээс гадна Эрхүү, Москва чиглэлийн болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэргийг энэ сарын 28 хүртэл зогсоосон байна. Ингэснээр энэ сарын 10-нд хөдлөх Эрхүүгийн 303-р галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Орос, Турк, Казахстан хоорондын нислэгийг энэ сарын 13-ны 6:30 цагаас 28-ныг дуустал хязгаарласан байна. 

Дорноговьд аймагт тусгаарлагдсан Франц иргэний тухайд гурван өдөр халуурсан бөгөөд биеийн байдал нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Шинжилгээгээр коронавирус илэрсний дагуу ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг хоёр машинтай үүрийн 04:00 цагт Дорноговь аймагт очиж, ажиллаж байна.