Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсаас Монголд суугаа элчин сайд Такаока Масато нар тус улсаас олгох 1.8 сая долларын буцалтгүй тусламжийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Японд айлчлах үеэрээ хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн яамд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Японоос олгох буцалтгүй тусламжийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг нээсэн байна.

Энэ удаагийн буцалтгүй тусламжийг уг төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна гэж Такаока Масато хэллээ.

Өнгөрсөн хугацаанд Японы засгийн газар манай улсад нийт 2.8 тэрбум долларын зээл, тусламж, төслийн бус чиглэлээр 195 сая доллар олгосон байна.

Сануулбал, Америкийн Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд буцалтгүй тусламжаар олгогдох 350 сая долларыг мөн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулахаар болсон юм.