Бид тоймлоё, Та унш

2019.02.01 Баасан                                                   -7°C   2,628.70  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлэхээр боллоо

Хоёр хуваагдаад байсан эрх баригч намын УЗ болон бүлгээс ЕС У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Г.Занданшатарыг УИХ-ын даргад 100%-н саналаар дэмжлээ. Тэд үүнийгээ нам эвлэлдэн нэгдэж байгаагийн эхлэл хэмээн мэдэгдээд байна.

Томилох эсэхийг чуулган шийднэ

Хуульд зааснаар өнөөдөр УИХ-ын чуулган эцсийн шийдвэрийг гаргана. Сөрөг хүчин болох АН-ын зүгээс МАН-аас дэвшсэн хэнийг ч дэмжихгүй гэсэн ч эвлэлдэн нэгдэж буй МАН парламентад 64 суудалтай тул Г.Занданшатар томилогдох магадлал өндөр байна.

Г.Занданшатарын тухайд:

Нэгэн үе Хаан банкны дэд захирал байсан тэрээр 2004, 2008, 2016 онд УИХ-д сонгогдсон юм. Хоёр ч удаа сайд хийсэн туршлагатай түүнийг намын нөхөд нь УИХ-ын дарга болох хамгийн боломжит хүн хэмээн өргөмжлөөд байна. Хэрэв өнөөдрийн чуулган түүнийг УИХ-ын даргад томилбол ЗГХЭГ-ын даргын суудал эзгүйрч дахин 1 томилгооны асуудал яригдана.


Хүүхдээр морь унуулахаа зогсооё!

Хөвсгөлийн Тосонцэнгэлд 1/18-нд морины ажил хийж байхад хүүхэд унаж, маш хүнд гэмтсэн гэж Хүний эрхийн комиссоос мэдэгдлээ. Хүүхэд гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирсэн бөгөөд одоо хэвтэн эмчлүүлж байна. Энэ мэтээр нууцаар морь уралдуулснаас болж хүүхэд гэмтэх тохиолдол их байгаа ба он гарсаар 52 хүүхэд мориноос унаж, 1 хүүхэд нас бараад байна.


Монгол Алтайн Барагшуны үйл ажиллагааг зогсоолоо

Барагшунтай цай, наалт, тос, ханд зэргийг үйлдвэрлэдэг Монгол Алтайн Барагшун ХХК-д мэргэжлийн хяналтаас шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаж, шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байжээ.


Агаарын бохирдол 170 болоход Бангкок 437 сургуулиа хаалаа

Тус хотын агаарын чанар 170 буюу эрүүл бус түвшинд хүрснээр сургуулиудаа хааж, ирэх 7 хоногт болох Сар шинийн баяраар хүж асааж, галын наадам хийхгүй байхыг ЗГ нь уриаллаа. Тэд утааны эсрэг үүл буудаж бороо оруулах, гудамжийг услах зэрэг арга хэмжээ авсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Тус улсын утаа автомашин, тариан талбайн түймэр, үйлдвэр зэргээс үүсдэг байна. Харин манай улсын агаарын бохирдлын 80%-г нүүрсний утаа бүрдүүлдэг ба агаарын чанар аюултай буюу 870 даваад байна.


Венесуэлд Оросууд алт авчирч өгсөн үү?

Оросоос 400 хүний суудалтай онгоц нислэгийн багийн 2-хон хүнтэйгээр Каракас хотод ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь Москва-Каракасын чиглэлд шууд нислэг байхгүй бөгөөд $840 саяын үнэ бүхий 20 тн алтыг Оросоос авчирсан гэж Венесуэлийн сөрөг хүчний нам мэдэгдээд байна. Уг алтыг ерөнхийлөгч Мадурог дэмжихийн тулд илгээсэн гэж сөрөг хүчин үзсэн бол Оросын тал үүнийг мэдэхгүй гэжээ. Мадуро 2018/5 сард дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон ба үүнийг иргэд болон Америк, Бразил, Канад зэрэг орнууд эсэргүүцэж байна. Улмаар барууны орнууд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод суудлаа тавьж өгөхийг шаардан шахалт үзүүлж байгаа юм.

Таны сонорт


Image result for car icon Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр