Нийслэлийн боловсролын газраас ирэх намар нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын элсэлтийн бүртгэлийг энэ сарын 13-27-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан нас хүрээгүй хүүхдүүдийг бүртгэхгүй байх сайдын тушаал гарсан юм. Үүнтэй холбоотойгоор энэ жил 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс 2013 оны 12-р сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ.

Энэ жил нэгдүгээр ангид зургаан настай 38.232 хүүхэд  элсэх тооцоо гарсан бөгөөд элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй юм. Мөн зургаан настнуудыг элсүүлэхдээ сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ямар нэгэн уралдаан шалгалт авахыг БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хориглосон юм.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:  

  • Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг,  
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Анхаарах зүйлс:

  • Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх,
  • Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Эцэг эх нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгэх ба хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
  • Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.