Шинэ онтой зэрэгцэн хэд хэдэн томоохон хуулиуд мөрдөгдөж эхэллээ. Тухайлбал, Төрийн албаны тухай, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Онцгой албан татварын тухай хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Тэгвэл өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулиудыг тоймлон хүргэе.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль

Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр 240 мянга байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо. Үүнийг цаашид ч тогтмол нэмэгдүүлж, 2020.01.01-ээс 75 хувиар буюу сарын 420.0 мянган төгрөг болгоно гэж албаныхан мэдэгдээд байгаа юм.

Төрийн албаны тухай хууль

Энэ нь хамгийн гол хууль бөгөөд ийнхүү шинэчлэгдсэнээр төрийн албаны сахилга, хариуцлага дээшилнэ гэж Д.Тогтохсүрэн нарын хууль санаачлагчид үзжээ. Төрийн албаны хуульд 1995, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон ба энэ удаад хэд хэдэн чухал зүйл багтсан юм. Тодруулбал,

  • Бүтцийн өөрчлөл­т нэрээр төрийн албан хаагчийг хоморголон халж, яам, агентлаг, аймаг сумын албадын нэрийг өөрчилдөг явдлыг хориглоно,  
  • Ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилд нэг удаа гаргана,  
  • Төрийн албаны зөв­лөлийн чиг үүргийг өөр­чилж, Төрийн ал­баны тухай хуулийн хэрэг­жил­тэд хяналт тавьдаг байгууллага болгоно,  
  • Удирдах албан тушаалтнууд буруу шийдвэр гаргаж, санхүүгийн хохирол учруулбал тухайн албан тушаалтан хувиасаа төлж барагдуулна. Мөн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан тохиолдолд түүний цалин, нийгэм, эрүүл мэндийн даатгалыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцна,
  • Төрийн албан тушаал тус бүрд тусгай шаардлага тавина. Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой ба найман жилд нь газрын даргаар ажилласан байх шаардлагатай юм.

Нийгмийн даатгалын тухай хууль

Энэ оноос эхлэн ажилтан, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл тус бүр 0.5 хувиар нэмэгдэж байна. Мөн тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 нас, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй боллоо.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

Энэхүү хууль хэрэгжсэнээр бүх төрлийн түлшний зориулалтын мод, OSB хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022.12.31 чөлөөлөгдөж байна. Үүний дүнд импортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлт гарах гэнэ.

Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль

Уг хуулийн дагуу архидан согтуурсан үедээ бусдын биед аюул учруулах эрсдэлтэй хүнийг албадан эмчилгээнд хамруулна. Хэрэв тухайн хүн сайн дураараа эмчилгээнд хамрагдахаас татгалзвал шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх юм. Эмчилгээний хугацаа хамгийн багадаа гурван сар бөгөөд давтан эмчлүүлэх тохиолдолд нэг жил хүртэлх хугацаатай байна. Энэхүү хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Онцгой албан татварын тухай хууль

Уг хуулийн өөрчлөлтөөр архи тамхины онцгой албан татвар таван хувиар нэмэгдэж, энэ онд 394.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоод байна. Өнгөрсөн онд архи тамхины татварыг 10 хувиар нэмж, 292.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Иргэдийн хорт зуршлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг хуулийн хүрээнд 2020 онд онцгой албан татвар мөн таван хувиар нэмэгдэх юм.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль долоон бүлэг, 18 зүйлтэй. Уг хууль хэрэгжсэнээр багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги туслах багштай байх, багшийн хөгжлийн асуудлаар тогтмол судалгаа явуулах зэрэг томоохон асуудлууд шийдэгдэж байгаа юм.