ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас БЗД-ийн хоёрдугаар хороонд зохион байгуулсан хяналт шалгалтын үеэр иргэн Ө, Т нараас 10 килограмм 320 грамм мөнгөн ус илэрсэн байна.

Мөнгөн ус нь Монголд ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон юм. Энэ нь хүрээлэн буй орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж хордуулдаг юм.

Хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн буюу мөнгөн усыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар 5400-27 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох эсхүл 1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Харин тус гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, амь нас хохирсон бол 10 мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох эсхүл 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ.