Зуун айлд барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг Налайх руу нүүлгэн шилжүүлэх ээлжит хурал болж, холбогдох албаныхан, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Ажлын хэсэг 100 айлыг нүүлгэх гурван шатлалтай төлөвлөгөө гаргасан бөгөөд эхний шатны ажил болох судалгааны дууссан байна.

Мөн Налайх дүүрэгт баригдаж буй аж үйлдвэрлэлийн паркийн зарим ажил эхнээсээ хийгдэж дуусах шатандаа орсон байна. Тухайлбал, Чойр, Налайхын замаас парк руу салах 4.6 км замын зургийг бүрэн гаргаж бетон хучилтын ажил явагдаж эхэлжээ.

Уг зам тавигдсанаар худалдаачид худалдаа эрхлэх газраа сонгох боломж нээгдэх юм байна. Мөн 100 айл орчмын 1.7 км замын шинэчлэлтийн зураг төсөл дууссан бөгөөд үүнд 100 айлыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө Газрын албаны саналыг тусгахаар болжээ. Уг зам нь 100 айлын дөрвөн хорооны төв зам болох учир дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулах зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ.

Харин барилгын материалын худалдаа эрхлэгчид Налайх руу нүүхийг эсэргүүцэж байгаа ба тэд 40-50 км холдож нүүх нь боломжгүй гэсэн юм. Учир нь 100 айл орчимд барилгын материалын худалдаа эрхлэгч 4500 орчим иргэн байгаа төдийгүй үүний ард 18 мянга гаруй хүний амьдрал байгаа гэлээ. Мөн бүгд их бага хэмжээгээр зээлтэй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Харин ажлын хэсгийн зүгээс Налайх руу барилгын материалын худалдаачдыг бус барилгын материалын үйлдвэр эрхлэгчдийг нүүлгэх асуудал яригдаж байгаа гэдгийг хэлээд цаашдаа энэ чиглэлээр ажил явагдана гэдгийг хэллээ. Тэдний зүгээс барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийг Налайхын аж үйлдвэрийн паркт байгуулснаар барилгын худалдаа үйлчилгээ ч мөн цогцоор төвлөрөх боломжтой гэж үзэж байгаа юм.

Гэхдээ 100 айлыг дахин төлөвлөх асуудал газар чөлөөлөлт, гүйцэтгэгч компанийн хөрөнгө оруулалт, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс саатсан асуудал байгаа ч зарим нэг ажил урагштай явагдаж байгааг албаныхан хэллээ.

Тодруулбал, 32-ын тойргийн баруун талын гэр хорооллын газрыг чөлөөлж өнгөрсөн онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулж, энэ онд мөн 60 айлын орон сууцыг оруулахаар төлөвлөжээ. Одоогоор 2160 айлын орон сууц ашиглалтад оруулахаас 720 айлын орон сууц, түүнийг дагасан сургууль цэцэрлэг,1.2 км авто замыг ашиглалтад оруулсан байна.