Хотын даргын захирамжийн дагуу 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын нэгнээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлах ажил хийгдэж байна.

Эхний ээлжид энэ сарын 10 хүртэл 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 метр замыг хааж, засахаар төлөвлөсөн юм. Уг ажилтай хотын дарга С.Амарсайхан танилцаж, долоо хоногийн хугацаанд хэдэн хашлага тавьснаас өөр ажил хийгээгүй байгааг шүүмжиллээ. 

Замыг нээхэд нэг хоног үлдсэн боловч ажлын 50 хувь нь ч хийгдээгүй байгаа ба хүн хүчээ нэмж, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж ажлыг түргэн шуурхай явуулахыг үүрэгдлээ. 

Мөн аюулгүй байдлыг хангаагүй байгаа тул хариуцлагаа өндөржүүлэх, Авто замын хөгжлийн газар, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, УБЗЗАГ-ын удирдлагууд өдөр шөнөгүй зам дээр зогсож энэ ажлыг түргэвчилж, төлөвлөгөөт хугацаандаа нээхийг санууллаа.

Өнөөдрийн байдлаар 300 метр орчим замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэлх замыг маргааш нээж, энэ сарын 14-28-нд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл зам, 28-аас наймдугаар сарын 15 хүртэл УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл замыг хэсэгчилж хаах юм. 

Харин засварын ажил удааширсан шалтгаан нь ажлын зураг төсөлд алдаатай тооцоолол гарсантай холбоотой гэдгийг Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон хэллээ.

100 айлын зам, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх замыг засаж, шинэчлэн 12 метр өргөн хоёр талдаа явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн иж бүрэн зам болгохоор ажиллаж байгаа юм.