БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японд айлчилж Инженер, технологийн дээд боловсрол 1000 инженер төслийн Япон дахь хэрэгжилттэй танилцлаа.

Айлчлалын үеэр төслийн хугацааг нэг жилээр сунган хэрэгжүүлэх санамж бичгийг Жайка олон улсын байгууллагатай байгуулж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр нэмэлт санхүүжилт хийхгүйгээр дахин 120 оюутныг уг төсөлд хамруулан сургах боломж бүрдэж байна.

Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Монголд өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчлэх зорилготой юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 423 оюутан, багш, судлаачид Японд мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт, судалгааны ажлуудад хамрагдсан байна. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр 85, бакалаврын түвшинд 55, магистр, докторын зэрэгт 74, зэргийн бус сургалтад 209 хүн хамрагджээ.