“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор БГД-ийн 16, 17, 18, 19-р хорооны цэцэрлэг болон бага ангийн 1000 хүүхдийг үнэ төлбөргүй шүдний үзлэгт хамруулж, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн долоо хоногт 3-12 насны 600 гаруй хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношилжээ.

“Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бид хамгийн түрүүнд шүднээс нь эхлэх ёстой. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн шүдний өвчлөл 86-96 хувьтай байсан. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхэд тутамд гурван хүүхэд л цоо эрүүл шүдтэй байна. Бидний анхааралдаа авах чухал асуудлын нэг болсон гэдгийг энэ судалгаа харуулж байна” гэж Ш.Анхмаа хэллээ.

Энэхүү ажлыг ирэх намраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үзлэгт хамрагдсан 1000 хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааг боловсруулахаар болжээ.

ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн тогтоосон байна. Нийслэлийн хэмжээнд хийгдсэн 2011 оны судалгаанаас сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 65-96 хувьтай байжээ.

Өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86 хувьтай, шүд цоорох өвчний эрчим ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр өндөр байсан юм.

Шүдний өвчлөлөөс болж 200 гаруй төрлийн эмгэг үүсч, даамжирдаг байна. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн нэг сараас эхлэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд - эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.