Зургаа дахь удаагийн Оюутан цэрэг-2019 сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд цэргийн тангаргаа өргөлөө.

Энэ онд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний 256, Ховд аймгийн 123, Орхон аймгийн 186, Дорноговь аймгийн 336 дугаар ангиудыг түшиглэн 51 их, дээд сургуулийн 1000 оюутан Оюутан цэрэг сургалтад хамрагдсан байна. 

Тангараг өргөх ёслолд БХЯ-ны сайд Н.Энхболд, БСШУСЯ-ны Ё.Баатарбилэг, БХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбая болон оюутан цэргүүдийн аав, ээж, найз нөхөд нь оролцож, баяр хүргэлээ.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хааж байгаа нь Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж байгаа явдал мөн. Оюутан залуус маань улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархаж, эх орноо хайрлан хамгаалах үзлээр цэнэглэгдсэн гэдэгт итгэлтэй байна” гэлээ.