Эрдэнэс-Таван толгой компанийн ТУЗ өчигдөр хуралдаж 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр шийдвэрлэжээ.

Тэгэхээр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн өмч Эрдэнэс-Таван толгой компанийн баланс дээр баталгаажна гэсэн үг. Ингэснээр иргэд албан ёсны хувьцаа эзэмшигч болж хоёр дахь зах зээлд бүртгүүлж Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны эрхтэй болох юм.  Мөн Эрдэнэс-Таван толгойн ногдол ашгаас хүртэх боломжтой бөгөөд үүнийг хувьцаа эзэмшигчдийн хурал болон Засгийн газрын шийдвэрээр шийдвэрлэх гэнэ.

Сануулахад, анх 1072 хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцож иргэдэд тараасан. Ингэхдээ 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүн бүрт үнэ төлбөргүй тараасан юм.

Иргэдийн зарим нь хувьцааныхаа тодорхой хувийг сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалдаа зарцуулсан байдаг. Хэрэв та зөвхөн нэг жил сургалтын төлбөрөө хувьцаагаараа төлсөн бол одоо 536 ширхэг хувьцаатай. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн болон хувьцаа байхгүй юм.

Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхийг хүсвэл 158989 дугаар руу өөрийн регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулан шалгах боломжтой.