Пүрэв гарагийн 06:00-15:00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлагаар таван өрхийн 11 иргэн эмнэлэгт хандаж, гурав нь хэвтэн эмчлүүлж байна. Угаарын хийнд хордсон иргэдийн дөрөв нь хүүхэд байгаа юм. 

Угаарын хийн хордлого буурахгүй байгаатай холбоотойгоор Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас ахуйн нөхцөлд туршилт хийсэн байна. Тодруулбал, шахмал түлшийг энгийн ханан пийшинтэй айлд түлж, гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламжийг хэмжсэн юм. 

Мөн энгийн зууханд сайжруулсан шахмал түлшийг гурван аргаар галлаж үзсэн ба нэгдүгээрт, мод асаагаад дээрээс нь түлш хийх, хоёрдугаарт, цогон дээр нь нүүрс нэмж хийх, гуравдугаарт, дээрээс нь галлах гэсэн гурван аргаар туршилт явуулжээ. Ингэхэд гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламж нэмэгдсэн зүйл байхгүй, хэвийн гарсан байна.