Засгийн газрын хуралдаанаар замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж, 11-р сараас эхлэн мөрдөхөөр боллоо.

Зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал,

  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэгт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  • Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгов.
  • Хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихэссэн учир зорчих хэсгээр явахдаа дээрх үйлдлийг хориглов.
  • Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг ашиглах, автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэх.
  • 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхгүй байх.
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асаж байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх.
  • Тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгав. Ингэснээр таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй.
  • Сонсголын бэрхшээлтэй жолоочийн таних тэмдгийн дүрсийг цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурах зэргийг тусгажээ.

Сануулахад, ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ нэгдүгээр сард 2018 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарыг бууруулахад онцгой анхаарах жил болгон зарласан юм.