Засгийн газрын хуралдаанаар 11 сарын 8, 9-нд бүх нийтээр амрахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амрах зохицуулалттай бөгөөд  11 сарын найман Пүрэв гарагт таарч байгаа юм. Иймд Баасан гарагт мөн бүх нийтээр амрааж ажлын өдрийг 11 сарын 17-ны Бямба гарагт шилжүүллээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон байна.

Энэ өдрийг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг төрийн дээд шагнал Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай ба өнгөрсөн жил олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртсэн юм.