Засгийн газраас 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийж, тайлангаа энэ сарын 25-нд багтаан ирүүлэхийг даалгасан юм. Энэ дагуу ажлын хэсэг 17-нд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь очиж шалгалаа. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой ба одоогоор 85 га-д техникийн, 25 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.

Тодруулбал, БМНС ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгах гэнэ. Мөн Улз ХХК 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол Алтай голд ХХК 15 га талбайгаас есөн га-д, Батдөлгөөнмөрөн ХХК гурван га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна.

Эдгээр ААН-д цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хуваариар ажиллан бүх талбайг нөхөн сэргээх чиглэл өгчээ. Заасан хугацаанд тайлан мэдээгээ ирүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй ААН-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм.