Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ын балансад бүртгэлтэй, баригдаж дуусаагүй 1562 орон сууцыг Засгийн газраас энэ онд Хөгжлийн банканд шилжүүлж, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэн барьж, ашиглалтад оруулахаар тусгасан юм.

Энэ хүрээнд Буянт-Ухаад баригдаж буй  972 түрээсийн орон сууцыг ирэх сард бүрэн ашиглатад оруулахаар болжээ. Одоогоор орон сууцны гадна ажил 50 хувь, барилгын ажил 80 хувьтай байгаа гэнэ.

Гэхдээ уг орон сууцыг түрээсийн хэлбэрээр олгох эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ.

Тухайлбал, уг орон сууц нь одоогоор хөгжлийн банкны балансад байгаа бөгөөд Засгийн газраас  түрээсийн орон сууцны сангийн хөрөнгийг шийдвэрлэж чадвал түрээсийн орон сууц хэлбэрээр иргэдэд олгох юм байна. Ингэхдээ хэдэн хувьд нь зорилтот бүлэг болон төрийн албан хаагчдыг хамруулахыг мөн шийдэх гэнэ.

Сануулахад, ТОСК нь 2013-2016 онд Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрд 1000 айлын орон сууц, Төрийн түрээсийн орон сууц зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болж төслийг дахин санхүүжүүлж чадахгүйд хүрсэн юм.

Мөн оны эхний есөн сарын байдлаар ипотекийн зээлд 450 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 6000 иргэн орон сууцанд хамрагдсан байна. Үүний 250 тэрбум төгрөг нь арилжааны банкнуудаас, 60 тэрбум нь улсын төсвөөс, үлдсэн нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжсэн байна.

Ирэх онд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэх бөгөөд хөрөнгийн эх үүсвэр хангалтгүй байгаа гэнэ. Гэхдээ цаашид хоёр дахь зах зээлд гаргах, үнэт цаас гаргах замаар мөнгө босгох зэрэг асуудлыг судалж байгаа гэж Х.Баделхан хэллээ.