Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. 

Эрүүл мэндийн салбарт царцсан барилга одоогоор байхгүй ба 2010 оноос хойш баригдаж буй 300 ортой төрөх эмнэлэг 12 сард ашиглалтад орох юм. Мөн 160 ортой төрөх эмнэлэг, 140 ортой хүүхдийн эмнэлэг мөн 12 сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. 

Үүнээс гадна 2016 оноос хойш баригдаж буй Түлэнхийн төв энэ онд багтан ашиглалтад орох юм. Ингэснээр олон улсад хийдэг эмчилгээ, арьсны мэс заслыг хийх боломжтой болно.

Харин ирэх онд 120 ортой сүрьеэгийн эмнэлэг, Зүрхний төв, Хавдрын үндэсний төв, эрхтэн суулгуулах мэс заслын төв зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төсөвт суулгах гэнэ. 

Өдөрлөгийн хуваарийн дагуу маргааш 10:00-16:00 цагийн хооронд эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг эмнэлгийн тусламжийг үзүүлнэ.