Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил Дэлхий дээр хамгийн анх Их Британид оны өмнө эхэлсэн. Ковид-19-ийн вакцинд хамрагдсан улс орнуудын жагсаалтыг, 100 хүнд хийсэн вакцины дундаж үзүүлэлтээр бодоход Израиль, Арабын Нэгдсэн Эмират, Серби, Их Британи, Исланд тэргүүлж байна. Хүчирхэг эдийн засагтай АНУ, Канад иргэдээ вакцинжуулах ажлаа нэлээд хурдтай явуулж буй. Европын холбооны 27 улс цаг хугацаа хожин аль болох эртхэн Коронавирусийн эсрэг вакциныг иргэддээ хийж Цар тахлын дэгдэлтээс ард түмнээ аврах ажлаа улам эрчимжүүлжээ.

Гэтэл Дэлхийн маш олон улс орон вакцинд хамрагдаагүй хүлээлттэй байна. Үүнд: Африк тив (56 улс) бүхлээрээ, Австрали болон Шинэ Зеланд, мөн Хойд болон Төв Америкийн улсуудаас  Канад, АНУ, Мексик, Костарика, Панамаас бусад нь, Өмнөд Америк тивийн Экватор, Бразили, Чили, Аргентинаас бусад нь, Балканы хойгийн Босни-Герцеговина, Монтенегро, Косово, Хойд Македон, Ази тивийн Вьетнам, Тайланд, Филиппин, Камбож, Малейз, Баруун Тимур, Бруней, манай Монгол, бидний түнш гуравдагч хөрш гэгддэг Япон, БНСУ гэх мэт олон орон байна. Эх сурвалжаас харахад 130-аад сая хүн амтай арлын орон, 51.7 сая хүнтэй Өмнөд Солонгос нь манай улстай ойролцоо цаг хугацаанд энэ нэгдүгээр улиралд багтаан иргэдээ вакцинжуулж эхлэх ажээ.