Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлыг танилцууллаа.

Энэ оны хавар 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр шийдвэрлэсэн ба одоогоор 13.886 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн байна. Үүний 10805.5 тонныг арилжааны банкны эх үүсвэрээр, 1300 тонн махыг өөрийн хөрөнгөөр, 545 тонныг Хөдөө аж ахуйн биржийн шугамаар нийт 14 ААН бэлтгэжээ. 

Ийнхүү нөөцөлсөн махыг жижиглэнгээр худалдах хүнсний дэлгүүртэй гэрээ байгуулж, НӨАТ, нэгдсэн бар кодтой болгохыг холбогдох албаныханд даалгасан байна.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор иргэдийн худалдан авалт нэмэгдсэнээр махны үнэ зохиомлоор өссөн юм.

Тухайлбал, энэ долоо хоногийн байдлаар үхрийн ястай мах Хүчит шонхор захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Меркурид хамгийн үнэтэй буюу 14000 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 12.2 хувиар өссөн үзүүлэлт юм.