Байгаль орчны газраас Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 1.2 м гүнтэй, 1380.5 ам метр усан мандлын талбайтай, 10500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгууллаа.

Хиймэл нуурыг нийслэлийн төсвийн 147 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Уг ажлыг хийснээр тухайн орчны биологийн төрөл зүйл нэмэгдэх гэнэ.

Нийслэлд явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шанднаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэсэн нь тогтоогджээ. 

Улаанбаатар хот нь жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг байна. Гэвч энэ нь гүний цэвэр усны хэрэглээг бууруулж байгаа тул гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь зүйтэй юм.