ХУД-ийн 15-р сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдаж, 38 нь эмчилгээ хийлгэж эхэлжээ. Гэвч эдгээр 529 хүүхэд бүгд халдвар тараагч биш бөгөөд дархлаа сулрах, хоол тэжээлийн дутагдалд орох, өөр халдварт өвчнөөр өвдөх, хүнд хагалгаанд орох зэрэгт сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэж ЭМЯ-аас мэдэгдлээ. 

Харин 38 хүүхэд өвчилсөн бөгөөд халдвар тараах эрсдэлтэй байна. Тус сургууль нийт 1710 сурагчтай ба халдварыг сургуулийн багш тараасан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр халдвар 2017 оноос тархсан бөгөөд 15-р сургуулийн барилга  1974 онд баригдсан учир агаарын солилцоо муу байсан нь байдлыг хүндрүүлжээ. Уг асуудалтай холбоотойгоор холбогдох албаныхан шалгалтуудыг хийж байна.

ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл энэ талаар хэлэхдээ,2015 оноос хойш 15-р сургуульд сүрьеэгийн тохиолдол гарсан юм байна. Хүүхдүүдийг оношлоод эмчилгээнд оруулах гэж байгаа. ХӨСҮТ-ийн мэдээллээр 38 хүүхэд, нэг багшийн асуудал бий” гэлээ.

Харин БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургуульд карентин тогтоох эсэхийг шийдвэрлэнэ. Эмч нарын баг сургууль дээр ажиллаж байгаа. Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай ярина” гэлээ.