Хотын дарга С.Амарсайхан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажилтай танилцлаа.

Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар нийт 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн ба жижиглэнгийн цэгт 21 мянган тонн түлш нөөцөлсөн байна. Мөн 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулсан ба 10260 тонн шахмал түлш борлуулжээ. 

Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд энэ сард багтаан нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болох юм. 

Мөн гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр хангах 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг хүргэнэ.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа Сайн смарт карт ашиглах юм. Нэг картаар гурван тонн түлш худалдан авах эрхтэй ба хэрэглэх хэмжээ дууссан тохиолдолд Тавантолгой түлш ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой.