Бид тоймлоё, Та унш

2018.02.12 Даваа                     -10°C   2,405.35 Өлзийтэй сайн


Энэ өдөр болох үйл явдал

  • НИТХ-н дарга нийслэл, дүүргийн газрын албадад үүрэг өгнө.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэл хийнэ.
  • Энэ жилийн анхны талбайн хөл бөмбөгийн тоглолт МХБХ-д болно.
  • ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх тасаг ХӨСҮТ-д нээгдэнэ.

Чухлыг тоймлоё


Их цэвэрлэгээний өдрүүд үргэлжилсээр үү?

Цагаан сар дөхөхөөр айл бүр гэр орноо цэвэрлэж, тоос шорооноосоо салдаг уламжлал бий. Гэсэн хэдий ч залуу үеийнхэн яг юуны учир гэрээ цэвэрлэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Монгол ахуй, уламжлалаа хадгалан үлдээх үүднээс битүүний өдрийн ёс заншлыг  ардын багш С. Дуламын  “Цагаан сарын бэлгэдэл” номоос тоймлоё.

Тоос шорооноос салахын учир,

Гарч буй шинэ жилээ цэвэр цэмцгэр угтан, ирэх оны сүлд хийморио даллан дуудахыг ерөөдөг. Зөвхөн цэвэрлэгээ ч бус өр ширээ эргүүлэн төлж, хэрэлдэж муудалцсан хүмүүстэйгээ зорьж уулзан, эвлэх хэрэгтэй. Оёж эхлүүлсэн шинэ хувцсаа заавал дуусгаж, хоточ сайн нохойныхоо хүзүүвчийг хүртэл шинэчлэн солих ёс бий.

Гурван мөс, будаа тавьдгийн учир,

Лхам бурхан жилийн хамгийн сүүлийн өдөр айл бүрд айлчлан ирдэг тул бурханд будаа, харин хүлэгт нь мөс гэрийнхээ баруун тотгон дээр тавьдаг ёстой. Байранд амьдардаг бол гадаах тагтан дээрээ тахилын аяга эсвэл жижиг хундаганд хийж тавьж болно. Мөн гэрийнхээ зүүн тотгон дээр өргөс, харгана, шарилж тавьж ад чөтгөрийн хорлолыг хаадаг ёстой.

Битүүний идээ засахдаа,

Тэнгэрт захын ганц од үзэгдмэгц идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж эхэлнэ. Галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэнд цайныхаа дээжийг нар зөв эргүүлэн аягална.

Мөн эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү, дал дөрвөн өндөр, шаант, богтос тавьдаг. Битүү толгойг гэрийн эзэн тагнаагаас нь, эзэгтэй эрүүнээс татаж “Нэг амьтай боллоо” гэж битүүлэх ёс байдаг.

Бууз банш иддэгийн учир,

Эдгээр нь битүү хоол бөгөөд хуучин оныг битүүлэн үдэж, шинэ оныг угтаж буй ёс юм. Харин зарим нутагт зөвхөн банш идэх ёс байдаг бол зарим нь сар шинээр нэг ч банш хийдэггүй байна.

Цээрлэх зан үйлүүд,

Айл хэсэхийг цээрлэдэг. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо мөн л тэнүүчилнэ гэдэг. Айлд хонох бүр ч цээртэй. Мөн нохой зодохгүй байж цадтал хооллоно. Гэр орон харанхуй байх, гадаа хувцсаа хонуулах, хэрүүл хийх, өлсгөлөн хонохыг цээрлэдэг. Мөн чөтгөр хорлоно гэдэг учир нялх хүүхдийг нэрээр нь дууддаггүй.


Чуулган завсарлахаар 76 юу хийдэг вэ?

Эхлээд тойргийн иргэдтэйгээ уулзаж, “хийсэн ажлаа” тайлагнах учиртай. Мөн цагаан сарын өмнө шинээр тодорсон аварга малчин, мянгатууд, тариаланчдын шагналыг гардуулдаг. Энэ л уламжлалаар 76 тойрог тойрогтоо ажиллаж байна. Сарын сая төгрөгийн цалинтай гишүүдийн нэлээд нь гурил, будааг шуудай шуудайгаар тараажээ. Үүнд эгдүүцэх нэгэн байхад, ‘хүний гишүүн гурил будааг шланз шланзаар тарааж байхад миний гишүүн л алга’ гэх нь бас байна.

Хагас нүцгэн Тонга залуутай, танигдахгүй далбаатай Өвлийн Олимпын нээлт


Баасан гарагт ойролцоогоор 28 сая хүн үзсэн нээлт сонин хачин ихтэй байлаа. Тамирчдын хувьд Олимпын парадад алхах нь хамгийн дурсгалтай хэсгүүдийн нэг. Харин манай улсын тамирчид лав Гангнам Стайл дууны үеэр алхана гэж төсөөлөөгүй байх. Олон эмэгтэй үзэгчдийн мартагдашгүй хэсэг нь Тонга залуу байсан болов уу. Халуун орны залуу хасах 3 градуст биеэ тослон, хагас нүцгэн алхсан нь түүний хувьд анхных биш, 2016 оны Риод анх нүд хужирлаж байв. Орос тамирчид Олимпын далбаан дор алхсан ч далбааг барих Орос хүн олдсонгүй. Нээлтийн хамгийн онцлох үйл явдал  нь хоёр Солонгос нэг далбаан дор алхсан нь, гэхдээ тэдний далбааг газрын зураг нь байна гэж төсөөлөөгүй хүн олон байх.


Генсек солигдсоныг эс тооцвол бүгд хивэндээ

МАХН-ын даргын суудлыг О.Баасанхүү, Н.Энхбаяр нар булаацалдаж өөр өөрсдийн их чуулганаа хуралдуулсан. Гэвч О.Баасанхүүгийн хийсэн хурал хууль бус болж, энэ амралтын өдрүүдэд Н.Энхбаярын хийсэн “жинхэнэ” хурлаар дүрмээ шинэчлэн даргаа сонголоо. Ингээд МАХН-ын генсекээр Б.Тулга-ыг сонгосныг эс тооцвол, даргаар Н.Энхбаяр, дэд даргаар C. Ганбаатар, Ц.Оюунбаатар нар хивэндээ үлдлээ. Б.Тулгын хувьд Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан баруун гарынх нь хүн гэж болно. Итгэлт хүнээ намынхаа генсекээр сонгосон нь тэд 2020 оны сонгуульд бэлтгэж эхэллээ гэж харах хүн цөөнгүй байна.


Таны сонорт


Цагаан сарыг Хятадад-Чунзие, Японд-Ошогацү, Лаосд-Лин, Төвдөд-ЛоСар, Вьетнамд-Тэт, Солонгост-Солнал, Казакт-Наурыз гэж тус тус нэрлэдэг байна.


 Өдрийн тойм Сошиал