18 жилийн өмнөх энэ өдөр алан хядагчдын барьцаалсан онгоц Америкийн ихэр цамхагийг мөргөж гэм зэмгүй 2996 хүний амийг авч одсон юм. 

Америкийн Нью-Йорк, Вашингтон хотууд руу Исламын Аль-Кайда террорист бүлэглэлийн 19 гишүүн American Airlines, United Airlines зорчигч тээврийн дөрвөн онгоцыг булаан эзэлж, халдлага үйлдсэн юм.

Алан хядагчдын барьцаалсан эхний онгоц өглөөний 08:00 цагийн үед Нью-Йоркийн 110 давхар Олон улсын худалдааны төвийн ихэр барилгын хойд талын цамхагийг мөргөсөн байна. Үүнээс 18 минутын дараа хоёр дахь онгоц урд талын цамхагийг мөргөсөн юм. 

Гуравдахь онгоц нь Вашингтон дахь Америкийн батлан хамгаалах яамны байр болох Пентагоны барилгыг мөргөн дэлбэрчээ. Харин дөрөв дэх онгоцны зарим зорчигч болон нисэх багийнхан тэмцэлдсэний эцэст алан хядагчдын зорьсон цэгт хүрэлгүй Пенсилван муж дах хөдөө хээр газарт унасан ч зорчигчид, нисэх багийнхнаас нэг ч хүн амьд гараагүй юм.

Террористуудын гэмт үйлдлээс болж нийт 2996 хүн нас барж, 6000 гаруй хүн шархадсан байна.

Ихэр цамхгийг онгоц мөргөсний дараа хоёр цаг орчим сүндэрлэсэн ч хоорондоо 13 минутын зайтай нуран унасан байдаг. Барилгын шатаж буй хэсэгт байсан хүмүүс галын халуун дөл, гашуун утаанд хордож өндрөөс үсрэн амиа алдаж байгаа дүр зураг Америкийн телевизээр гарч байсан юм.

Барилгын нурангийг цэвэрлэхэд найман сар зарцуулж, ойролцоогоор 36 тэрбум долларын зардал гарсан байна.

Уг террорист халдлагыг Аль-Кайда бүлгийн удирдагч Осама Бин Ладен зохион байгуулсан гэж таамагладаг юм. 2011 оны тавдугаар сарын хоёронд Америкийн тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн Бин Ладеныг хэсэг хамгаалагчийнх нь хамтаар хөнөөсөн байна. 

Гэвч Осама Бин Ладен 2001.09.11-ний халдлагын дараа удалгүй марфаны синдром гэх өвчнөөр нас барсан гэдгийг Пентагоны ажилтан Доктор Стив Р.Печеник зарласан юм. 

Өдгөө энэхүү хар өдрийг Америкийн  Эх орончдын өдөр болгон төрийн далбааг бөхийлгөн тэмдэглэн өнгөрүүлж байна. Одоогоос 18 жилийн өмнө нурсан Дэлхийн худалдааны төвийн суурин дээр тэрхүү өдрийн дурсгалын хөшөө, музей, 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв баригдсан юм. 

Харин Пентагоны ордны дотор талд халдлагаар амь үрэгдэгсдийн дурсгалын өрөөтэй ба дөрөв дэх онгоц унасан хөдөө хээр талд онгоцонд зорчиж яваад амиа алдсан иргэдийн дурсгалын талбай байна.