Төрсөн эцгийнхээ амь насыг хороож, цогцсыг нь ууланд хаясан онц ноцтой гэмт хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат, 39 настай эрэгтэй Н-ийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгүүлээд байжээ. Талийгаач 10 орчим хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Энэ сарын 1-ний өдөр Зөөлөн гэх уулнаас хүний цогцос олдсон нь сураггүй болсон Н-ийнх байжээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Мөрдлөгийн явцад талийгаачийн төрсөн хүү толгойд нь сүхээр цохиж, амь насыг нь хохироосон нь баримтаар нотлогджээ. Сэжигтэн этгээд нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр аавынхаа амь насыг хохироож, хэргээ нуун далдлахаар цогцсыг орны бүтээлэгт ороон, хэрэг үйлдсэн сүхний хамт ууланд аваачиж, модон дунд нуусан байжээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн 39 настай Н гэгч ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Энэ ажиллагаа арга хэмжээ явж байхад тухайн Н гэгч иргэн нь 22-ны өдөр гэртээ архидан согтуурч, агсам тавьж маргаан үүсгэснээс болж ууган хүү нь амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна. Ингээд амь хохирогчийн цогцсыг ул мөрөө далдлах зорилгоор нууж, төөрөгдүүлсэн асуудал гарсан. Аймгийн цагдаагийн газраас хэргийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Эх сурвалж: udriintoim.mn