Булган аймгийн Тэшиг сумаас зүүн хойд зүгт 120 км-т орших Чулуут гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 25-ны өдрийн 16:10 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0286-р анги, ЗДТГ зэрэг байгууллагын 43 хүн, таван автомашинтай, 11 морьтойгоор ажиллаж байна.

Түймрийг бүрэн унтраагаагүй байгаа ба өчигдөр 20:30 цагт цурманд оруулсан бөгөөд түймэрт нийт 3.7 га орчим ой шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумаас хойд зүгт 10 км-т орших Сампилын-Ам гэх газарт хээрийн түймэр гарсан дуудлагыг өчигдөр 13:53 цагт бүртгэсэн байна.  Түймрийг 20 алба хаагч, таван автомашинтайгаар 16:40 цагт цурманд оруулж, 18:58 цагт бүрэн унтраажээ. Түймэрт нийт хоёр га орчим бэлчээрийн талбай шатсан байна.

Хаврын хуурайшилт эхэлж, энэ мэт түймэр гарсаар байгаа юм. Тухайлбал, энэ сарын 17-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд хээрийн түймэр гарч, 1000 орчим га талбай шатжээ.

Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.