Цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой Цаатны наадам - 2000 цааны баяр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд энэ сарын 16, 17-нд боллоо.

Уг арга хэмжээнд баруун, зүүн тайгын 1200 гаруй цаатай иргэд, мөн Улаан-Үдэ, Өвөрмонгол, Тува иргэд оролцсон байна.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм.  

Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 онд 814 толгой цаа буга тоолуулж байсан бол өнгөрсөн онд 2396 толгой цаа бугатай болсон байна. 

Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгаа юм. 

Тухайлбал, 2007 онд Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөрийг  баталжээ. Уг хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар 2013 онд Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай тогтоолыг гаргасан байна.

Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болжээ.

Түүнчлэн Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж Тува улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Туркийн олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж 19 толгой цаа бугыг Хөвсгөл аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгсөн байна.