Өнгөрч буй 2018 онд санхүүгийн салбарт хурдацтай өсөлттэй жил байв. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн олон IPO гарсан буюу Монголын хөрөнгийн бирж зургаан шинэ үнэт цаасыг бүртгэж арилжжээ.

Мөн хувьцааны хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 210 тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдсэн зэрэг амжилттайгаар 2018 оноо үдэж байна. Энэ нь өмнөх түүхэн дээд үзүүлэлт болох 2012 оноос даруй 45 хувиар өссөн байгаа юм.

Шинээр IPO гаргасан зургаан компани дотоодын хөрөнгийн зах зээлээс нийт 30 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Энэ нь хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа нийт хувьцаа арилжааны 15 орчим хувийг бүрдүүлсэн үзүүлэлт гэнэ.

Шинэ компанийн арилжаанаас гадна томоохон компаниудын хувьцааны арилжаа ч мөн идэвхтэй байсан бол эсрэгээрээ Засгийн газрын үнэт цаасны арилжаа эрс буурчээ.

Монголын хөрөнгийн биржээс энэ онд амжилтын буухиагаа үргэлжлүүлж, үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Т+2 системийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн, түүний дотор давхар бүртгэлтэй үнэт цаасыг зах зээлд гаргах зорилт тавьсан байна.