Мэдээллээс үзвэл өнгөрсөн оны нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Үүнийг батлагдсан төсөвтэй харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг байсан бөгөөд үүнд үнэ тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэхэд үүний 670 тэрбум төгрөг нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас оржээ. Ийнхүү орлого давж биелэхэд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, Засгийн газрын бодлого чиглэл, төсвийн сахилга бат, Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой гэж салбар яамнаас үзсэн байна.

Батлагдсан төсвийн санхүүжилт 92 хувьтай байсан ба 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байна. Энэ нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, газрын асуудалтай холбоотой гэнэ.

Харин Засгийн газрын өр 21 их наяд төгрөг байгаа ба  2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй гэлээ. 2017 оны төгсгөлд ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 74.4 хувь байсан бол өнгөрсөн оны эцсээр 60.9 хувь болж буурсан бөгөөд цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолжээ.

Мөн өнгөрсөн онд 600 гаруй мянган хүн 78 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авсан бол энэ онд 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийг буцаан олголт хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Сануулахад, өнгөрсөн онд төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд, орлогыг 7.2 их наяд төгрөгөөр төсөөлжээ.