Нийслэлийн засаг даргын зөвлөл хуралдаж, энэ оныг Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил болгон зарлахаар шийдвэрлэлээ.

Уг шийдвэрийг энэ онд тохиож буй Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ойтой холбогдуулан гаргасан байна. Энэ нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд үйлчлэхэд оршиж байгаа гэнэ.

Мөн энэ удаагийн хурлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн харьяа газрын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийжээ.

Түүнчлэн энэ сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар боллоо.

Сануулбал, нийслэлээс 2017 оныг Иргэдийн оролцоотой-Эрх зүйн шинэтгэлийн жил, 2018 оныг Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил болгон зарлаж байжээ.